
Сүлжээний хаягжилтын мэдээллийн систем нь интернэт протоколын хаяг (Internet Protocol address), автономит системийн дугаар (Autonomous System number), MN өргөтгөлтэй домэйн нэрийн бүртгэлийн мэдээллийн хайлтын системийг нэгтгэсэн, Монгол Улсын сүлжээний хаягжилтын статистик, домэйн нэрийн зохицуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод байршуулах систем юм.
Ази номхон далайн сүлжээний мэдээллийн төв (APNIC)-ийн нээлттэй мэдээллийн сан, Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорац (ICANN)-тай Монгол Улсын MN өргөтгөлтэй домэйн нэрийг бүртгэх үйл ажиллагааг хариуцах гэрээ байгуулсан хуулийн этгээд болох Датаком ХХК-ын MN өргөтгөлтэй домэй нэрийн WHOIS мэдээллийн сантай тус тус холбогдсон бөгөөд интернэт протоколын хаяг, автономит системийн дугаар, MN өргөтгөлтэй домэйн нэрээр хайлт хийх боломжтой. Мөн бүртгүүлэхийг хүссэн домэйн нэрийг Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд ашиглах, нутаг дэвсгэрийн нэгжийг илэрхийлэх эсвэл онцлох нэршил бүхий домэйн нэрийн жагсаалт буюу Монгол Улсын Домэйн нэрийн нөөцийн жагсаалтад багтсан эсэхийг системээс хайх боломжтой.
Ази номхон далайн сүлжээний мэдээллийн төвөөс Монгол Улсад олгогдсон интернэт протоколын хаяг, автономит системийн дугаарын статистик мэдээлэл, Датаком ХХК, түүнтэй гэрээ байгуулж домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэх тодорхой эрхтэй гэрээт бүртгэгч, GOV.MN, EDU.MN өргөтгөлтэй домэйн нэр бүртгэгч байгууллагуудын жагсаалт, дээрх байгууллагуудын бүртгэсэн домэйн нэрийн статистик мэдээллийг харах боломжтой.