
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 10 дугаар зүйлд хуульд заасан эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэр, дүгнэлтийн дагуу Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн домэйн нэрийг зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад бүртгэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээг авах зохицуулалтыг тусгасан.
Өөрөөр хэлбэл, шүүх, тагнуулын байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монополын эсрэг газар, Оюуны өмчийн газар зэрэг хуульд заасан эрх бүхий байгууллага Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо хуулийн хүрээнд технологийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай заасан бөгөөд зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад бүртгэхэд эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх, домэйн нэр эзэмшигчид мэдэгдэх, домэйн нэр эзэмшигч гомдлоо, холбогдох тайлбар мэдээллийн хамт гаргах боломжтой, зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг олон нийтэд ил тод мэдээлдэг байх, тус зүйлээр зохицуулсан харилцаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамаарахгүй байхаар тусгасан нь домэйн нэр эзэмшигчийн эрхийг хангах, мэдээллийг нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг баримталсан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг эрхэмлэсэн зохицуулалт юм.
Тус хороо нь үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран 2012 оноос хойш дээрх технологийн арга хэмжээг авч байгаа бөгөөд 2024 оны эцсийн байдлаар гадаад, дотоодын 7192 домэйн нэрийг зөрчилтэй жагсаалтад бүртгэж хандалтыг хязгаарласан байна. Үүнд ихэвчлэн мөрийтэй тоглоом, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй, садар самуун, порнографыг сурталчилсан асуудалтай цахим хуудсууд бүртгэгдсэн. Жишээ нь, 2024 онд мөрийтэй тоглоомтой холбоотойгоор 454, оюуны өмчтэй холбоотойгоор 13, садар самуунтай холбоотойгоор 2, залилантай холбоотойгоор 2 зөрчилтэй домэйн нэр бүртгэгдсэн байна.